Захирлын мэндчилгээ

ШУТИС-ийн харьяа Ерөнхий Боловсролын Ахлах Сургуульд элсэн, бидэнтэй нэгдсэн та бүхэнд баярлалаа. Энэ мөчөөс эхлэн та манай туршлагатай хамт олны нэг хэсэг нь, нэг гишүүн нь болсноор таны алдаа оноо, амжилт ололт бүхэн бидэнтэй холбогдох болно. Ахлах сургуулийн гурван жил бол та бүхний өөрчлөлтийн үе юм. Сурагчид маань 10-р ангид орж их сургуулийн орчинд хөл тавьсан цагаасаа эхлээд төгсөх хүртлээ өөрийнхөө оюуны их өсөлт, хөгжил дэвшлийг харуулах гайхалтай боломжуудыг олж авна. Ахлах сургуульд сурсан эрдэм мэдлэг, туршлага, сорилтууд нь таны одоо болон ирээдүйн олон эерэг өөрчлөлт, амжилтын эхлэл нь болно гэдэгт бид итгэлтэй байна. 

Та суралцах хугацаандаа олон шинэ зүйлийг туршиж, хүсэл тэмүүллээ дагаж нийгмийн сайн сайхны төлөө олон нийтэд үйлчлэх сайн дурын ажлуудад оролцож болно. Манай спортын баг, оюутны клуб, сонгон хичээл, эрдэм шинжилгээний багийн гишүүн болж, хамт олныхоо дунд ижил сонирхолтой сурагчидтайгаа нэгдэх боломж бий.

Эцэг эхчүүдийн хувьд сургуультай холбоотой байх олон арга зам байдаг бөгөөд ангийн болон сургуулийн эцэг эхийн зөвлөлийн үйл ажиллагаанд идэвхитэй оролцон, бидний явуулж байгаа уралдаан тэмцээн. хөтөлбөр, үйлчилгээ, тэтгэлэг, өдөр тутмын мэдээлэлтэй цаг алдалгүй танилцан хүүхдүүддээ дотны зөвлөгч нь болж, бидэнтэй хамтран ажиллаарай.

Бид инженер технологи, зураг зохион бүтээх чиглэлээр суралцах хүсэл тэмүүлэлтэй сурагчдыг элсүүлэн, мэргэжлийн онцлогийг таниулж, ахлах сургууль их сургуулийн шаталсан залгамж холбоо бүхий гүнзгийрүүлсэн сургалтыг явуулснаар эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулах, шинжлэх ухаан технологийн мэдлэгтэй авьяас чадварыг хөгжүүлэхийг зорьж байна.

Сургуулийн эрхэм зорилгоо хэрэгжүүлэхийн тулд гүнзгийрүүлсэн сургалтын хөтөлбөрөө шинэчлэх, суралцагчдыг бие даан бүтээлчээр суралцахуйд сургах, төсөлд суурилсан сургалтыг туршин хэрэгжүүлэх, ирээдүйн мэргэжлийн чиг баримжаа олгох, хичээлүүдийн агуулгын интеграци хийж хичээлүүдийг орчин үеийн ухаалаг лаборатори, кабинетад түшиглэн онол практик, дадлагыг хослуулан явуулах, ШУТИС-ийн бакалаврын хөтөлбөрийн дээд боловсролын суурь ухааны зарим хичээлийн агуулгыг тусгай хөтөлбөрөөр гүнзгийрүүлэн судалж кредит цаг тооцуулах, багшлах боловсон хүчнээ хөгжүүлэх, чадваржуулах ажлуудыг шат дараалалтай тасралтгүй явуулж байна.

ШУТИС-ийн Ахлах сургуулийн үүд хаалга та бүхэнд үргэлж нээлттэй байх болно. Бидний амжилтын баталгаа бол манай төгсөгчид юм.

Мэдлэг бол хүч юм, мэдлэг бол эрх чөлөө юм.

Мэдлэгээрээ бахархаж, мэдлэгээрээ ирээдүйгээ гэрэлтүүлээрэй.

 

ДОКТОР (Ph.D), ДЭД ПРОФЕССОР Д.НЯМСҮРЭН